19

439 42 6
                                    

/Карагийн талаас/

Хаалганы бариулыг доош дарсан даруйд өөдөөс эрчлэн үлээх салхинд олон хоног нар салхи үзээгүй бие минь цочив бололтой амьсгаа авлаа. Харанхуйд харж дассан нүд гадаах гэрэлтэй орчинд гялбах боловч нүдээ анин зөөлнөөр нээхэд бүхэл бүтэн ертөнц намайг угтсан юм.

Урагш гишгэхэд харгалзагч ард үлдэх ба би ч барилгаас аль болох холдох хүсэлтэйгээр зөөлөн хэмнэлтэй алхсаар зогсов.

Уулын бэл рүү харвал модод нүцгэрч, хаяагаар нь шарлаж хагдарсан навчнууд хаа нэг хүйтэн салхинд байраа сэлгэн хийснэ.
Энэ газар зуны улиралд ямар үзэсгэлэнтэй бол? гэж бодмогцоо цэцэг навч дэлгэрч, шувууд жиргэсэн зуны тэр нэг халуун илчийг мэдрэх шиг болов.

Гэвч нүдээ нээгээд харахад хэдийн гандаж, өнгөө алдсан ой мод ба сэрчигнэсэн хүйтэн жавар чих рүү зөөлөн үлээх нь цаанаа л гунигтай.
Зугтаж боломгүй өндөр хана хэрэм, гадаа дотоодгүй амьтай бүрийг ажиглах хамгаалагчид дотор бачууруулав ч цэвэр агаарыг уушгиа дүүртэл амьсгалсан миний хувьд одоо л тэсэж чадахаар санагдана.

Хоосон тэнгэрийг ширтэх зуур дээрээс хийсэн ирэх шаргал навчийг алган дээрээ тогтоолоо. Навчнаас нүдээ гүйлгэн гараа харвал хүйтэнд бага зэрэг даарсан бололтой цайрсан байх ба хаа нэг шалбарч, зулгарсан толбо үзэгдэх нь чимэгтэй.

Хашааны хаалгыг нүдээрээ хайн алсыг ширтэх зуур энэ хашаа ямар том болохыг ч хараад амжлаа.

Гэнэт ард асаагуур асаах чимээ гарсанд цочис хийн эргэн харвал саарал хослол өмссөн, өргөн мөртэй, өндөр залуу тамхи асааж байх нь тэр. Тэрээр тамхиа нэг сайн уушгилаад, утааг нь агаартай замхруулах явцдаа над руу харсанд бид харц тулгарч орхисон юм.

Түүний байгаа байдал хичээгээгүй хэр нь л чинээлэг гаралтай гэдэг нь илт харагдах ба харц нь бага зэрэг ширүүн байж мэдэх ч ууртай харагдсангүй. Тэрээр над руу харсан хэвээр тамхинаасаа дахин нэг сороход цаанаа л ганцаардсан, хоосорсон, тамхиныхаа ачаар л тайвширсан мэт харагдсан юм.

Түүний нүд харах тусам донтуулмаар гүн хар ба илт тодорч харагдах шанааны яс, тамхиа удаанаар тамшаалах уруул, соролт бүрд дээш доош хөдлөх төвөнх дээр арслан мэт хүчирхэг хэр нь тайван тогтуун аястай байлаа. Гарынх нь инч бүхэл дэлхийг атгахаар бадриун хэдий ч гарынх нь арыг дагасан товойж харагдах судаснууд, чамин цаг, хослол доторх цамцных нь бага зэрэг цухуйсан цагаан ханцуй зэрэг... хэдэн секунд л ширтсэн хэр нь бүхэлд нь дитайлчлаж чадахаар гүн сэтгэгдэл үлдээж байсан юм.

You'll also like

          

Тэр үг хэлэх шинжгүй ч ямар нэг сонжиж, шинжсэн харцаараа төөнөж байсныг би мэдэрч байв. Яг л ирвэс, юу ч мэдэхгүй ус ууж байгаа имж рүү өвсний цаанаас дараагийн үйлдлээ хийхээр гэтэж буй мэт.
Тийм ээ, тэр яг л болгоомжилсон маягаар ангаа ажих араатан шиг харагдаж байлаа.

Анх удаа уулзаж байгаа хүнээ хэт удаан ширтчихсэн тул ухаан орон өөр тийш харах зуур тэр ч аясаараа урагш харан тамхиныхаа үнсийг унагаана.

"Анх удаа хашаан дотор зөнгөөрөө алхаж байгаа эмэгтэй хүн харж байна" түүний амнаас үг унасанд цочих шиг болон түүн рүү харахад тэрээр утаагаа гарган "Зугтах юм болов уу гэсэн, арай үгүй бололтой" хэмээн ихэд араатанлаг бүдүүн хоолойгоор өгүүллээ.

Тэр хэн юм бол? Энэ газрын талаар их мэддэг бололтой.

"Надад тусгай эрх өгсөн юм. Гадаа гарах" гэчхээд шүлсээ гүд хийтэл залгилаа.

Тэрээр бидний урд байх томоохон усан оргилуур руу харах ба хэдийн тамхиа талд нь оруулжээ.
"Тэгээд наад боломжоо ашиглаад зугтах гэж оролдохгүй юм уу?"

"Зугтаж чадахгүйгээ мэдэж байгаа болохоор. Тэгээд ч одоо байгаа зодуурын хэмжээ хангалттай" гээд инээмсэглэхийг хичээв.

Энд ирээд анх удаа хэн нэгэн эрэгтэйтэй айх айдасгүй харилцсан нь миний хувьд их шинэлэг мэдрэмж байв. Гэвч түүний царай яг ингээд хөлдөөчихсөн юм шиг л хувиралгүй байх нь минут тутамд царайныхаа хувирлаар өөрийгөө илэрхийлдэг Виллиамаас тэс өөр хүн болохыг нь харуулах шиг.

Тэрээр тамхиа газар хаян, гишгэлээд нааш харах зуураа утаагаа гаргана.
Үг хэлэхгүй зүгээр л нүүр царайг минь ажиглаж зогсох нь сандрахад ч хүргэх шиг.

"Таныг хэн гэдгийг асууж болох уу?"

Тэрээр дээрээс минь харах зуураа "Аппликейшн хөгжүүлэгч"

Виллиам ч бас аппликейшн хөгжүүлэгч гэсэн. Хэдэн хөгжүүлэгчтэй юм бол? Тэд ер нь үүгээрээ хэдийг олдог болоод ингэж их ач холбогдол өгдөг байна аа.

"Тэгвэл нэр чинь...?" хэмээн асуувал тэр хэлэх шинжгүй ажигласаар л. Нүд нь нүүрний минь инч бүрийг сканердах шиг л гүйх аж. Миний нүүрэн дээр юм наалдчихсан юм болов уу?

Гэнэт хүйтэн салхи ирэн задалж тавьсан үсийг зөөлнөөр нүдний урдуур орууллаа. Бурхан надад тусалсан уу мэдэхгүй ч нуугдсан юм шиг мэдрэмжид бага зэрэг тайтгарна.

"Чамайг хэн гэсэн бэ?"

"Кара гэдэг, эрхэм ээ"

Тэр надаас юу хайх гэж хичээгээд байгааг би ойлгосонгүй.

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now